Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо оюутнуудыг бүү доромжил

4 жилийн өмнө нэг ийм нэртэй бухимдлаа илэрхийлсэн зүйл бичиж байснаа оллоо. МАСЗХ-оос зохион байгуулдаг “Мастер” ОЭШБХ-д оролцоод шүүгчтэй нь хэрэлдэх нь холгүй юм болсныхоо орой нь бичиж билээ.Тэгээд “Ардын эрх” сонин хэвлэж өгье гэсэн боловч манай сургуулиас дараа дараагийн жилүүдэд тус хуралд оролцох оюутнуудыг ад үзэх шалтгаан болчихож магадгүй гээд хэвлүүлэхээс татгалзсан юм. Гэхдээ л хэвлүүлж бухимдлаа илэрхийлэхийг их л хүсэж байсан. Нэгэнт сонинд хэвлүүлж чадаагүйгээс ядахдаа блогтоо байрлуулчихъя

МОНГОЛЫН АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ЗАЛУУЧУУДЫН
ХОЛБОО ОЮУТНУУДЫГ БҮҮ ДОРОМЖИЛ

 

Оюутан, Б.Мэргэн

Миний бие оюутны ширээнд суугаад 3 жил болж байна. Энэ хугацаанд чадан ядан бичсэн судалгаагаа эрдэмтэн багш нараараа үнэлүүлэх, чадвал хэдэн төгрөг халаасалчих санаатай 5 удаа “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-д оролцож байв. Хамгийн сүүлд жил бүр зохион байгуулагдаж, олон оюутныг хамруулдаг учраас нэр хүндтэй тэмцээн хэмээн итгэж, тэр ч утгаараа зохион байгуулалт сайтай байх болов уу хэмээн найдан МАСЗХ-ноос зарласан “Мастер” Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын “Хууль, эрх зүйн салбар”-т итгэлээ өгсөн юм. Гэтэл илтгэлийг хэрхэн дүгнэж байгаагаас эхлээд л зохион байгуулалтын хувьд тааруухан болж өнгөрсөн. Ямартаа л илтгэлүүдийг 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хурааж дууссан атлаа 5 дугаар сарын 15-ны өдөр буюу хурал болохоос 1 хоногийн өмнө шүүгчдэд тарааж тэрийг нь нэгэн шүүгчийн өөрийнх нь хэлснээр шөнийн 0000 цагт уншиж суухав дээ. Хэдийгээр энэ байдлыг тухайн шүүгчид танил тал нь субъектив байдлаар нөлөөлөхөөс сэргийлсэн ч гэдэг юм уу өөр бусад байдлаар тайлбарлаж болох ч өдрийн их ажилдаа түүртэж ядарсан эрхэм шүүгч шөнийн 0000 цагт хэдэн сар, магадгүй хэдэн жил бичсэн хөөрхий оюутны бяцхан судалгааг бүгдийг нь нэг бүрчлэн уншсан гэдэгт би л хувьдаа эргэлзэж байна. Уншсан байлаа ч шөнийн цагаар хүний тархи үг бүрийн цаана байх утга санааг бүрэн ойлгох хэмжээнд ажиллахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Шүүгчдийн мэдлэг чадварыг дутуу үнэлж, тэднийг доромжлох гэсэндээ дээрхийг хэлсэнгүй, зүгээр л шинжлэх ухааны үндэслэлтэй зүйлийг дурдлаа. Ийнхүү цаг заваа үрэн байж бичсэн оюутны илтгэл дутуу дулимаг үнэлэгдэн , нэг үгээр хэлбэл бид үл хүндэтгүүлэв. За тэр ч яахав. Гэтэл хоёрдугаар шатны шалгаруулалт 2007 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “цагаа барьж онигоо” болохгүйн тулд 1230 цагт эхлэж, яг тэр мөчөөс оюутан бид “доромжлуулах” нь тэр. Юу гэвэл өөрийгөө МАСЗХ-ны хяналтын албаны гишүүн хэмээн танилцуулсан (нэр нь хэн ч билээ) эрхэм шүүгч орж ирэнгүүтээ л хэлэх хэлэхгүй үгээр биднийг бөмбөгдөж гарав. “Надад өгсөн та нарын 10 илтгэлийг уншиж үзлээ, авах юм нэг ч алга, үнэхээр шаардлага хангахгүй байна” гэснээ тэнд цугласан оюутнуудыг курс, курсээр нь гар өргүүлэн тоолоод “нэг хоёрдугаар курсын оюутнууд их байна, та нарын үед хөөрхий илтгэл бичээд л яваад байдаг юм, гэхдээ амжилт гаргана гэж юу байхав, гуравдугаар курсын оюутнууд магадгүй юм” хэмээн жижигрүүлж, “би эрүүгийн салбарын хүн энд эрүүгийн илтгэл бичсэн хэдэн оюутан байна” гэж мөн л гар өргүүлэн тоолон бусад оюутнуудын хувьд илт субъектив хандлага гаргаснаа “та нарын илтгэл арай л муу байсан учраас би бусад шүүгчидтэй харьцуулахад хамгийн бага оноо өгсөн” хэмээснээр ашгүй нэг үгээ дуусган хурал эхлэсэн юм.

Эхний оюутнууд илтгэлээ тавихад бусад оюутнуудын зүгээс асуулт тавьж байв. Гэтэл өнөөх шүүгч “Би хурлын дүрмийг мэдэхгүй байна. Оюутнууд асуулт тавих нь сайн хэрэг ч хурлын дүрэмд зөвшөөрөөгүй бол болохгүй” хэмээн их л дүрэм журмаа биелүүлдэг хүн шиг байснаа 4 дэх оюутны илтгэлийн дараа тус хурлын удирдамжинд “илтгэл тавих хугацаа 8 минут асуулт, хариултын хугацаа 5 минут” хэмээн тодорхой заасан байхад “би ажилтай, яараад байна асуулт хариултаа болъё” гэж эрх мэдлээ хэтрүүлэн хурлын дүрмийг зөрчих нь тэр. Асуулт хариултын цаг бол оюутан үндсэн хугацаандаа гаргаж чадаагүй санаагаа ярих боломж нь байдаг төдийгүй илтгэл нь хэдий чинээ тулгамдсан асуудлыг хөндсөн байна тэр чинээгээрээ бусдын анхаарлыг татаж асуулт их тавигддаг учраас илтгэлийг нь дүгнэх албан бус шалгуур болох нь ч бий. Тийм чухал үеийг эрхэм шүүгч зохицуулж чадаагүй хувийн асуудлаараа шалтаглан орхигдуулж, хурлын дүрмийг жишим ч үгүй зөрчиж оюутнуудыг хохироож байлаа.

Удалгүй миний ээлж ирж илтгэлээ тавьж дуусахад өнөөх асуулт хариултын хугацааг минь алгасахыг оролдоход нэг шүүгч нь амжиж надаас нэг асуулт асуув. Тухайн асуултанд хариулж ч амжаагүй байхад эрхэм “хяналтын албаны гишүүн” гуай битгий худлаа “залаад” байгаарай, хаа хамаагүй “бурах”-гүй шүү, тийм юм хаана ч байдаггүй юм гэх зэргээр өөрийн бүдүүлгийг гайхуулах гэсэн мэт боловсролтой, соёлтой, шүүгч хүний амнаас гарамгүй этгээд үгсээр булж эхлэв. “А” гэхээр “Б” гэх илтгэгчийн санааг ч бүрэн гүйцэд ойлгохгүй байгаа тэр хүний “доромжлол”-д соёлтой бөгөөд ойлгомжтойгоор хариу өгмөөр байсан ч нэг талаар урьд өмнө бусдыг үл хүндэтгэдэг, өөрийгөө хэт өргөмжилсөн нэг үгээр хэлбэл “бүдүүлэг” шүүгчтэй таарч байгаагүй болохоор балмагдсандаа, нөгөөтэйгүүр тийм хүнтэй харьцаж өөрийгөө “доош нь хийх”-ийг хүсээгүй болохоор үг дуугүй л суудалдаа сууж, удалгүй хурлыг орхин явсан юм. Шүүгчид илтгэгч нотолгоогүй зүйл ярьж байгаа юм шиг санагдаж болно. Тэр үед шүүгч түүнийг шууд л үгүйсгэх биш харин ямар эх сурвалжаас авсан мэдээллийн үндсэн дээр тухайн зүйлийг ярьж байгааг тодруулах шаардлагатай. Яагаад гэвэл шүүгч бүхнийг мэдэгч биш. Оюутан ч гэсэн багшаас илүү мэдээлэлтэй байж болно. Миний хувьд би нотолгоогүйгээр шүүгчийн хэлсэнчлэн “худлаа залаагүй”. Зүгээр л шүүгч нэг бол мэдээллээс хоцорсондоо шаралхсан, мэдэмхийрсэн эс бөгөөс бүдүүлгээ гайхуулсан.

Мэдээж би ямар нэгэн байр эзлээгүй. Гэхдээ тэрэндээ шаралхаж энэ бүгдийг бичээгүй. Яагаад гэвэл би тэрхүү хуралд түрүүлэх ёстой байсан хүн нь түрүүлсэн гэдэгтэй 100 хувь санал нийлж байна. Тэр тал дээр надтай маргах хүн байхгүй гэдэгт ч итгэлтэй байгаа. Тэгээд ч надад би болоод бусад оюутнуудыг хэтэрхий дорд үзсэн хүний үнэлгээгээр байр эзлэхийг хэзээ ч үл хүсэх бардамнал байна. Хамгийн гол нь тухайн шүүгчийн “та нарын илтгэл бичнэ гэж юу байсан юм” гэх өнгө аястай үгс нь зарим нэг оюутнуудыг дахиж илтгэл бичих, судалгаа хийх урам зоригийг нь хугалчихсан байх вий гэдэгт эмзэглэж байна. Би бол хэзээ ч үгүй. Гэхдээ бас “Мастер”-т дахиж хэзээ ч орохгүй.

Эрхэм хяналтын албаны гишүүнд хандаж хэдэн үг хэлэхгүй байж тэвчихгүй нь.

Хүн хичнээн өндөр боловсролтой, эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй байж болно. Гэхдээ хүн “хүн” байх хэрэгтэй, хүн ёс суртахуунтай, соёлтой байх хэрэгтэй, бусдыг нас хүйс, эд хөрөнгө, ажил, албан тушаал гээд бусад юугаар нь ч ялгаварлаж харьцахгүй, тэднийг хүндэлдэг байх хэрэгтэй. Яагаад гэвэл тэд ч бас хүн. Эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй, насаар ахмад гэдэг чинь халаас хоосон, өөртөө л эзэн, залуу оюутан биднийг “доромжлох” шалтгаан огтхон ч биш. Өөрийн тань хэн байх чинь надад хамаагүй. Намайг хүндэлсэн бол би ч таныг хүндлэх байсан. Харин одоо бол үгүй. Өөрийн тань насанд хүрэхийн цагт би илүү өндөрлөгөөс доош харж зогсох болно. Одоогийн өнцгөөс харвал би хүнтэй “хүн шиг” харьцаж, тэднийг хүндэлж харьцдаг. Тийм учраас би бүх талаараа өөрөөс чинь илүү. Яагаад гэвэл би “хүн”.

Би дээр хэлсэнчлэн хэд хэдэн удаа эрдэм шинжилгээний бага хуралд оролцохдоо хууль зүйн салбарын нэртэй эрдэмтэн багш нараар шүүлгүүлж байсан үе бий. Тэд хийсэн юмтай, хэлэх үгтэй ч тэдэнтэй харьцуулахад хэн ч биш өөр шиг тань хэзээ ч оюутнуудыг доромжилдоггүй, хэзээ ч юм хийх урам зоригийг нь мохоодоггүй, харин ч дэмждэг, хурцалж өгдөг, алдааг нь зөвөөр ойлгуулдаг, ухааруулдаг.

Нэг шүүгч оюутнуудыг доромжилсны төлөө “МАСЗХ оюутнуудыг битгий доромжил” гэснийг гайхаж болох юм. Энэ нь гурван шалтгаантай. Нэгдүгээрт, олон хүн уншаасай гэсэндээ дээрх гарчгийг өгсөн юм, хоёрдугаарт, тус хурлыг МАСЗХ зохион байгуулсан учраас зохион байгуулалттай холбоотой бүх зүйл тэдэнд хамаатай байж таарна, гуравдугаарт, тухайн эрхэм шүүгч МАСЗХ-ны хяналтын албаны гишүүн байсан. Тэр ч утгаараа түүний ажил хэрэгтэй холбоотой бүхий л үйлдлийн цаана хувь хүн гэхээсээ илүү МАСЗХ-ны нэр дурдагдана. Үүнийг эрхэм шүүгч эрүүл ухаандаа тунгаах ёстой байсан буй за. Тиймээс ч МАСЗХ тухайн гишүүндээ хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь хэлэхэд МАСЗХ-ны эсрэг оюутнуудыг турхируулах, нэр хүндийг нь унагаах гэсэндээ дээрхийг бичсэнгүй. Харин цаашид эрдэм шинжилгээний бага хурлаа зохион байгуулахдаа оюутнуудыг дахиж битгий доромжлоосой, дорд үзээсэй, илтгэл бичих, судалгаа хийх урам зоригийг нь битгий хугалаасай гэсэндээ дээрхийг бичлээ. Тэгсэн тохиолдолд “Мастер” бол хэн зохион байгуулж байгаа гэдгээс үл шалтгаалан оюутнууд өөрсдөд нь хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулах боломж нь учраас, наанадаж л шагналын сан нь багагүй учраас оюутнууд цаашид улам олноороо оролцоосой гэж би хүсэж байна, оролцоно гэдэгт найдаж байна. Гэхдээ би л лав хэзээ ч оролцохгүй.

Leave a comment