Сократын шүүсэн нь

Эртний Грекийн тухай ярих бүрт Сократ хэмээх сэтгэгчийн нэр дурьдагдахгүй өнгөрнө гэж бараг үгүй. Миний хувьд түүний хэдэн ишлэлийг л мэдэхээс цаашгүй байсан бөгөөд нэгэнтээ түүний амьдралын талаар бага зэрэг уншиж судалсан билээ. Ингэхдээ эзэмших гэж буй мэргэжилтэйгээ холбоотойгоор Сократын төр, хууль, ардчилалын талаарх үзэл сургаал, түүнийхээ улмаас цаазаар авах ял сонсож, хор уун нас нөгчсөн тухай нь илүүтэй сонирхсон болно. Тийнхүү олсон мэдээллээсээ та бүхэнтэй хуваалцая.

СОКРАТЫГ ШҮҮСЭН НЬ

Агуулга
1. Оршил
2. Төр ба Сократ
3. Сократыг шүүсэн нь
4. Дүгнэлт

Оршил

МЭӨ V зууны эцсийн Афин хотод иргэд нь бөөн бөөнөөрөө хуран цугларч, улс төрийн тулгарсан асуудлыг хэлэлцэн шуугилдаж, ээлжит шүүх ажиллагааг хичээнгүйлэн ярилцдаг байжээ. Тэр үеийн Афинд бүхэл өдөр хотоор тэнэж, учирсан хэн нэгэнтэй элдэв яриа өдөж, тэр дундаа олонхи хууль ёсноос ухрах, өөрсдөө нийтэд зориулж тогтоосон хуулиа ямагт, ямар ч нөхцөлд биелүүлэхийн оронд зөрчихөд хүрвэл тэдний эсрэг тэмцэх хэрэгтэй хэмээн сургамжилдаг[1] нэг хүн байсан гэнэ. Энэ бол Софронискийн хүү, Афин хотын харъяат Сократ байжээ.

Сократ МЭӨ 469 онд Грекийн хот улс Афинд чулуу засагч ба эх баригч хоёрын гэр бүлд төржээ. Тэрээр бага залуудаа өмнөх үеийн зарим өвөрмөц сэтгэгчдийн шинжлэх ухааны онолтой танилцсан хэдий ч төдий удалгүй хамгийн чухал оньсого таавар мэт судлагдахуун бол хүн өөрөө мөн гэсэн бат итгэл үнэмшилтэй болжээ. Хэрвээ хүн сайн сайхан, аз жаргалтай амьдрахыг үнэхээр хүсч байгаа бол гаргаж буй шийдвэрээ ямагт эргэлзэн шалгаж, шүүмжлэн дүгнэж, шинжлэн судлаж байх ёстой. Ийнхүү нэгэнт шийдвэрээ гаргасан тохиолдолд түүндээ итгэл үнэмшилтэй, үнэнч байх нь өөрөө амьд үлдэхээс ч чухал гэж Сократ үздэг байсан бөгөөд үүнийгээ амьдралаараа баталж, үхлээрээ нотолсон юм.[2]

Сократыг “Хот даяараа шүтэн дагадаг бурхдыг хүлээн зөвшөөрдөггүй, ондоо шинэ бурхны номыг түгээдэг. Залуучуудыг замбараагүй үйлд уруу татдаг.[3]” хэмээн буруутгаж цаазаар авсан юм.

Төр ба Сократ

МЭӨ V зууны сүүл хэрд ардын хурал төр улсын амьдралын бүх талыг “псефизм” буюу тогтоолын аргаар захирч, хуулийг үл хэрэгсэх, өөрөөр хэлбэл тогтоол, хууль хоёрын ялгааг арилгах болжээ. Энэ нь Афины ардчилал төгсөх тийш эргэсний гэрч болж ер нь ардын хурал юу дуртайгаа хийж болох мэт ойлголт дэлгэрэхэд хүргэв.. Уг нь Афины ардчилал хөгжиж байсан үед ард түмэн хуулийн хүрээнд байж хуулийг дээдэлж байсан байна.

Төрийн болон түүний байгууллагуудын амар түвшин ажиллахын үндэс нь хуулийг зөрчихгүй, иргэд хуулинд захирагдах явдал гэж Сократ үздэг байжээ.[4] Тэрбээр “хууль ёсны”, “шударга ёсны” гэдэг хоёр ойлголтыг адилтгаж үзэхдээ төрийн хууль гэдэг бол “юу хийх ёстой, юунаас түтгэлзэх хэрэгтэй гэдгийг тогтоож иргэд нийтээр зөвшилцөн бичсэн зүйл юм” гэсэн. Сократын хувьд тиран буюу дарангуйлал нь хууль бус, шударга бус явдал, “ард түмний хүсэл зоригийн эсрэг, хуулийн үндэслэлгүй эрх баригчдын дур зоргын” засаглал байлаа. Сократ эрх чөлөө, тэгш байдлын зарчмыг хууль, хууль дээдлэх явдалтай , ардын эрхт засгийг тухайн үеийн эрх барьсан хүмүүст захирагдах журамтай хослуулахыг эрмэлздэг байжээ:

Сократ засаглалын хэлбэрээс илүү хууль сахих, төрийн чадмаг удирдах асуудал шийдвэрлэх үүрэгтэй гэж үздэг байсан байна. Тэрээр төрийн мэргэжлийн удирдлага чухал гэж зүтгэдэг байсан бөгөөд энэ нь төрд төр засаглалд хандаж тавьдаг байсан түүний бараг гол шаардлага байв[5].

Мөн тухайн үед Афинд зарим албан тушаалтныг шодолтоор сонгож энэ нь Афины ардчилал, тэгш эрхийн гол агуулга, бараг л суурь нь хэмээн үзэж байсныг Сократ эсэргүүцсэн юм. Хэт ардчилагчид шодож сонгохыг тэгш эрхийн баталгаа гээд “Сократ тогтоосон хууль журмыг басамжлахыг хүмүүст заан сургаж байна,…түүний иймэрхүү үг яриа нь залуучуудыг төрийн байгууллыг жигших, хүчирхийлэх үйлдэлд өдөж байна.” гэж зэмлэдэг байсан байна[6].

Сократ амь эрсдэх аюулыг дор дарангуй бурангуй засгийн үед ч, хэт ардчиллын үед ч хууль, шударга ёсыг хамгаалж байв.Сократын шүүмжлэл тэр үеийн Афины хуульд харшилсан юм, ардчиллын эсрэг зүйл байсангүй. Учир нь Афины ардчилсан хуулиар бол иргэн бүр үг хэлэх, хууль санаачлах бүрэн эрхтэй байсан. Иргэн бүр албан тушаалтан, тухайн хэв журмыг шүүмжлэх эрхтэй, шинэ хуулийн төсөл ардын хуралд хэлэлцүүлэхээр өргөн барих, хуучирсан зүйлийг халах асуудал тавих, ямар нэг санал, эрэлт хүсэлт гаргах боломжтой байжээ. Ийнхүү улс төрийн үйл ажиллагааных нь төлөө Сократыг шийтгэх аргагүй болсон эрх баригчид түүнийг шашны талаар буруутгагахын тулд шашны хэт даврагч Мелетийг ашиглан шүүсэн юм.[7]

Сократыг шүүсэн нь[8]

“Шударга бус явдалд шударга
бусаар хариулт өгөх хэрэггүй”
Сократ

МЭӨ 399 оны хавар Грекийн философич Сократыг шүүх хурал болсон юм. Сократын эсрэг яруу найрагч нэр зүүсэн, эрх тушаал хөөцөлдсөн Мелет гэгч залуу, булигаарын үйлдвэрийн эзэн, ардчилсан намын нөлөө бүхий хүн болох софистуудын атаат дайсан Анит, уран илтгэгч Ликон нар хэрэг үүсгэсэн юм. Гол яллагч нь Сократыг шашин, ёс суртахуунд халдаж төрийн хийгээд гэр бүлийн амьдралд аюул учруулж байна гэж үзсэн хуучныг баримтлагч Анит байсан боловч бүтэлгүй болж магад хэмээн бодож Мелетэд албан ёсны яллагчийн үүрэг хүлээлгэжээ: Ялын бичигт: “Мелетийн хүү Мелет бээр Алопек дүүргийн Софронискийн хүү Сократын эсрэг энэхүү ялыг үйлдэж андгайлан гэрчлэв. Сократ тус хот даяар биширдэг бурхадыг үл ойшоож , өөр шинэ бурхадыг гаргаж ирсэн хэргээр яллагдаж байна. Түүнийг бас залуучуудыг уруу татаж завхруулсан гэж буруушаан яллаж байна. Оногдох шийтгэл нь үхүүлэх” гэжээ. Бас эх орны дайсан гэх Алкивиад, Критий нарын багш нь Сократ мөн гэж тэдний хэргийг түүнд тохож байсан байна.

Ингээд МЭӨ 399 оны хавар Сократ тангарагтны шүүхийн 10 танхимын нэгэнд шүүлгүүлэх болсон түүхтэй. Шүүхийн бүрэлдэхүүнд 6 мянган хүн багтсанаас 5 мянга нь жинхэнэ, 1 мянга нь орлох шүүгч байв. Шүүгчдийг жил бүр төв мужийн (Аттика) 10 тойрог тус бүрээс 30-аас дээш насны 600 иргэнийг шодож сонгодог байжээ. Сократын хэргийг шүүсэн танхим 500 хүний бүрэлдэхүүнтэй байлаа.

Яллагчдын үг хэлсний дараа Сократ хууль ёсоор өөрийгөө өмгөөлнө гэж мэдэгджээ. Түүний өмгөөлөл шүүгчдийн өмнө өөрийгөө өмгөөлсөн үг, цаазлах шийдвэр гарсны дараа хэлсэн үг гэсэн хоёр хэсгээс бүрддэг.

Нэгдэх хэсэгт нь Сократ урьдын болон тухайн үеийн зэмлэн буруутгагчдын тухай хэлжээ. Урьдын буруутгагчид нь юм мэддэгүй, атаархаж, хорссоны эрхээр түүнийг газар дор, тэнгэрт юу байдаг тухай буюу натур философийн асуудал сонирхон судалдаг, худлыг үнэн болгох арга зааж өгч байна гэсэн зохиомол цуу тараасан үл мэдэх хүмүүс. Сократ энэ зэмлэлийг няцааж, нэгдүгээрт, натур фиилософийн судалгаанд зохисгүй гэмээр зүйл байхгүй, хоёрдугаарт, тийм судалгаанд өөрийг нь оролцоогүй гэдгийг батлах зөндөө гэрч буй, гуравдугаарт, хүнийг хүмүүжүүлэх нь хэрэгтэй зүйл, гэхдээ хэрэв софистуудыг, өөрөөр хэлбэл сургалтын төлбөр авдаг хүмүүсийг сурган хүмүүжүүлэгчид хэмээн нэрлэдэг юм бол тэрбээр ярилцлага хийхдээ ямар ч төлбөр авдаггүй, хэзээ ч багш болж яваагүй гэдгийг цөмөөрөө мэднэ гэжээ.

Дараа нь Сократ шинэ зэмлэн буруутгагчид (Анит, Мелет, Ликон нарт) хандаж, тэдний ял тулгаж буй хоёр зүйл, тухайлбал залуучуудыг уруу татсан, бурхан тэнгэрийг үл ойшоосон гэдэг нь үндэсгүй гэж хэлж байна. Сократ ял зэмлэлийн хоёрдахь зүйлийн тухайд ярихдаа “бурхан тэнгэрийг хүндэтгээгүй”, “шинэ бурхад буй болгосон” гэдэг яриа зөрчилтэй болохыг илчилсэн байна. Нэг бурханыг үгүйсгэн нөгөөг бишрэнэ гэдэг тэрс үзэлтэн биш, “намайг сахиусыг биширлээ” гэвэл тэд чинь бурханы хүүхдүүд, бурханы хөвгүүдийг хүндэтгэсэн хүн яалаа гэж бурхан тэнгэрийг хэрэгсэхгүй байх вэ? гэжээ.

Сократ шүүх хурал дээр яллагдагч биш, харин материаллаг баялгаас оюуны баялгийг илүү дээдлэхийг уриалсан номлогчийн дүрээр үг хэлсэн гэж болмоор. Ийм учраас тэрбээр шүүх болон афинчуудаас цагаатгаж өгөхийг, өршөөж хэлтрүүлээч гэж нулимс дуслуулан гуйх нь өөрт нь, шүүгч нарт ч, мөн “бүх ард түмний нэр төр”-д тохирохгүй зүйл гэж үзжээ. Тиймээс тэрбээр шүүгч нарт гомдол мэдүүлэхээр “өөрийн хүүхэд” төрөл садан, найз нөхөд”-өө авчирсангүй. Шүүхийн шийдвэр Сократын талд байсангүй. 210 хүн үл зөвшөөрч, 280 хүний саналаар түүнийг гэм буруутай гэж үзжээ.

Сократын сүүлчийн үгэндээ: “Би амьд үлдсэнээс өөрийгөө хамгаалж байгаад үхсэн нь дээр”, “Би цаазлуулахаар болж эндээс явж байна, харин намайг яллагчид хорт, шударга бус явдал нь үнэнд гүйцэгдэж илчлэгдэн явж байна…” гэсэн байна.

Сократыг найз нөхөд нь эргэж очихдоо түүнийг оргуулахаар бэлтгэж байж. Гэтэл Сократ эх орныхоо хууль ёсонд үнэнч үлдэж оргохыг зөвшөөрөөгүй ажээ. Сократ үзэл бодолдоо үнэнч хэвээр үлдэж, ял оноосноос хойш нэг сарын дараа найз нөхөдтэйгээ философиор удтал ярилцсаны эцэст хор ууж шорондоо нас баржээ.

Дүгнэлт

Афин хотын иргэд Сократыг хуурамчаар буруутган, “өөр шашин шүтсэн”, “Афины залуусыг уруу татсан” хэргээр шүүж ялласан ажээ. Энэ нь шалтгаан биш шалтаг байсан бөгөөд Сократ төрийн хэлбэр ямар байхаас үл шалтгаалан мэргэжлийн удирдагчидтай байх, иргэд нь төдийгүй төр нь хуулиа дээдэлж, хуулиндаа захирагдах, шодох бус санал хураах замаар албан тушаалтныг сонгох хэрэгтэй хэмээн өгүүлж байсан нь эрх баригчдын дургүйцлийг төрүүлжээ. Тэд. “Сократ тогтоосон хууль журмыг басамжлахыг хүмүүст заан сургаж байна,…түүний иймэрхүү үг яриа нь залуучуудыг төрийн байгууллыг жигших, хүчирхийлэх үйлдэлд өдөж байна” хэмээж байснаас дүгнэхэд Сократын жинхэнэ гэмт хэрэг нь шинээр гарч ирсэн ардчилсан дэглэмийг дэмжээгүй явдал байсан нь илт байна.

Ашигласан ном
1. Юндэндорж Л. Эртний өрнө дорнын мэргэдийн улс төрийн сэтгэлгээний онол сургаал. Тэргүүн дэвтэр УБ.,                2001.
2. Кессиди Ф.Х. Дэлхийн сод хүмүүс цуврал – Сократ. (Орч. Х.Лхамдорж). УБ., 2004.
3. Аюурзана Г. 2х2=6 буюу суут жаран сэтгэгч. УБ., 2001
4. Вольф Р.П. Философийн тухай. (Орч. Ч.Ган-Өлзий). УБ., 2002.


[1] Кессиди Ф.Х. Дэлхийн сод хүмүүс цуврал – Сократ. (Орч. Х.Лхамдорж). УБ., 2004.63 дахь тал
[2] Вольф Р.П. Философийн тухай. (Орч. Ч.Ган-Өлзий). УБ., 2002. 9 дэхь тал.
[3] Аюурзана Г. 2х2=6 буюу суут жаран сэтгэгч. УБ., 2001.92 дахь тал.
[4] Юндэндорж Л. Эртний өрнө дорнын мэргэдийн улс төрийн сэтгэлгээний онол сургаал. Тэргүүн дэвтэр УБ., 2001. 53 дахь тал.
[5] Кессиди Ф.Х. Дэлхийн сод хүмүүс цуврал – Сократ. (Орч. Х.Лхамдорж). УБ., 2004.64 дахь тал
[6] Мөн ном. 65 дахь тал.
[7] Вольф Р.П. Философийн тухай. (Орч. Ч.Ган-Өлзий). УБ., 2002. 6 дэхь тал
[8] Кессиди Ф.Х. Дэлхийн сод хүмүүс цуврал – Сократ. (Орч. Х.Лхамдорж). УБ., 2004.150-154 дэхь тал

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: