Цэрэг татлага хүний эрхийг зөрчиж байна

Нэгэн өглөө гэртээ унтаж байтал хэн нэгэн хаалга эвдэх нь үү гэмээр балбаж гарав. Гайхан хаалгаа онгойлтол хороон дарга, цагдаа “ах” хоёр хувийн орон байранд минь дайрчих шахан орж ирээд Мэргэн хаана байна гэх нь тэр. Тэрүүхэн хооронд гэрт цагдаа дайрч орж ирэхээр ямар хэрэг хийлээ хэмээн бодох зуураа “би байна” гэтэл хороон дарга гуай “За хувцсаа өмсөөд дагаад яв” гэв. Юу болсныг лавлатал цэрэгт татна, зохих газар нь очоод учрыг нь мэднэ гэлээ. Тэр “зохих газар” нь яваад очтол цэргийн тоо дутсан гэсэн шалтгаанаар цэрэг татна гэв. Оюутан гэдгээ хэлж, бичиг баримтаа үзүүлж байж бөөн юм болсны эцэст нэг удаадаа “аврагдав”. Гэтэл эрхэм дарга дараагийн татлагаар заавал явна шүү, оюутан байх чинь хамаагүй гээд цэргийн үүрэгтний үнэмлэх дээр минь тамга дарчихав. Тэрнийхээр бол би 5 жил сурсны эцэст төгсөхөд 6хан сар дутуу байхад сургуулиа хаяад цэрэгт явах юм байна л даа. Үндсэн хуулиар баталгаажсан сурч боловсрох, цаашлаад эрх чөлөөтэй байх (өөрөө өөрийгөө мэдэх), амьд явах гээд үндсэн эрхүүд маань согтуу цагдаагийн тамганы дардсаар зөрчигдөх юм байх.

Магадгүй зарим уншигч цэргийн алба хаах чинь иргэний  үндсэн үүрэг шүү дээ гэх л байх. Тэгвэл Үндсэн хуулинд заасан энэ үндсэн үүрэг хүний үндсэн эрхийг зөрчөөд байгаа юм. Энэ тухай МУИС-Хууль зүйн сургуулийг төгссөн, одоо Японд мэргэжлээ дээшлүүлж байгаа О.Мөнхсайхан ахын бичсэн нэгэн эссэг оруулж байна.

Өөрийнхөөрөө амьдрах уу, боолчлогдох уу?

О.МӨНХСАЙХАН

Энэ эссэнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах иргэний үндсэн үүргийг либертари үзлийн үүднээс авч үзэх болно. Би Монгол улсын иргэн ийм үүрэг хүлээх ёсгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл, энэ нь хүний жам ёсны эрхийг зөрчиж байгаа хичирхийлэл, төрийн үндэслэлгүй албадлага, төдийгүй эдийн засгийн хувьд ч маш алдагдалтай зүйл.

Хувь хүн бүр амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчлөх төрөлх эрхтэй гэдэг нь нотлох шаардлагагүй үнэн (аксиом). Гэтэл хувь хүнд цэргийн алба хаах үүрэг оноон, энэ үүргээ биелүүлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа нь түүний сонголт хийх боломжийг нь үгүйсгэн өөрийн хүссэнээр амьдрах, эрх чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж байна. Энд нэгэн жишээ дурдахад их сургууль багшилдаг миний нэгэн танилд хөгтэй ч гэх юм уу, эмэгнэлтэй ч гэх юм уу нэг явдал тохиолдсон юм. Түүнд цэргийн зарлан дуудах хуудас ирж л дээ. Тэгээд цэрэг татлагын комисс дээр яваад очсон чинь хүчээр үсийг нь хусч дамжин өнгөрүүлэх рүү ачаад явсан гэдэг. Ар гэрийнхэнд нь юу ч мэдэгдээгүй тул эхнэр, хүүхэд нь түүнийг алга болчихлоо гэж баахан сандарчээ. Иймэрхүү жишээ олныг дурдаж болно. Төр цэрэг татлага гэсэн энэ бүдүүлэг зүйлээрээ хувь хүний амьдрал, зорилго, төлөвлөгөө, ар гэр зэрэг бүх зүйлийг нь хүчирхийлж байна.

Хүмүүс өөсдийн эрх чөлөө, өмч, амьдралыг хамгаалахын тулд төрийг бий болгосон. Тэгэхээр эдгээр эрхийг хамгаалах нь төрд байх ёстой ганц үүрэг мөн. Энэ үүргээ биелүүлэхийн тулд төр бусдын төрөлх эрхийг зөрчсөн хувь хүнд албадлага хэрэглэх эрхтэй. Харин үүнээс өөр тохиодолд хэнийг ч албадаж болохгүй. Тиймээс цэргийн алба хаахыг хувь хүнд үүрэг болгож байгаа нь төр өөрийн эрх мэдлийг хэтрүүлж, хувь хүний эрхэд халдаж, хүчирхийлж, боолчилж байгаа хэрэг.

Хүнийг хүчирхийлэн цэргийн алба хаалгаж байгаа нь эдийн засгийн хувьд маш алдагдалтай. Учир нь цэргийн алба хааж байгаа хүн нийгэмд ямар нэгэн баялаг (материаллаг, оюун санааны зэрэг) бүтээдэггүй хэрнээ улсын төсвөөс санхүүжиж байдаг. Үүний оронд тэр хүн хүссэн зүйлээ хийгээд бусдын амьдралд тусладаггүй юм аа гэхэд өөрийгөө тэжээгээд, аваад явчих боломжтой.

Улс орныг батлан хамгаалах нь хувь хүн бүр төрөлх эрхээ эдлэх, аюулгүй амьдрах баталгаа мөн. Тиймээс цэргийн алба байх нь зүйн хэрэгтэй. Гэхдээ үүгээр далимдуулан хүнийг хүчирхийлж, эрхэд нь халдаж болохгүй. Харин түүний сайн дурын сонголтын үндсэн дээр цэргийн алба хаалгадаг байж болно. Жишээ нь, миний нэг танил америк оюутан сургалтын төлбөрөө төрөөр даалгадаг гэж хэлэхэд нь би гайхаж яагаад гэж асууж билээ. Тэрээр коллежийн бүх төлбөрөө төрөөр даалгасныхаа хариуд гурван жил цэргийн алба хаана гэж хэлсэн. Тэгээд ч зогсохгүй цэргийн алба хаах хугацаандаа цалин авна гэж байсан. Энд ямар ч хүчирхийлэл, золиос байхгүй. Яагаад Монголд ийм байж болохгүй гэж? Зөвхөн гэрээт цэргийн албыг зөвшөөрч хүмүүстэй гэрээ байгуулан цалин өгч цэргийн алба хаалгах нь зүй ёсонд нийцнэ (хэдийгээр энэ нь манай цэргийн албанд нэвтэрч эхлэсэн боловч голлох байрыг эзлээгүй байна). Цэргийн алба ийнхүү өөрчлөгдөх юм бол цэргийн алба хаагчдын тоо цөөрөх нь гарцаагүй. Гэвч өнөөдөр Монгол улсад цэргийн хүчээр заналхийлсэн аюул байхгүй байгаа, хэрэв тийм аюул тулгарлаа гэхэд дэлхийн бусад орнуудын туслалцааг (НҮБ-ээр дамжуулан) аван өөрийгөө хамгаалах боломжтой байгаа тохиолдолд энэ нь хангалттай юм.

Энэ бүхнээс үзвэл, хүнийг албадан цэргийн алба хаалгаж байгаа нь хувь хүнийг хүчирхийлж, өөрийнхөөрөө амьдрах эрхэд нь халдаж байгаа явдал. Төр хүнийг зүй бусаар албадаж болохгүй. Тиймээс цэргийн алба хаах нь хувь хүний хувьд үүрэг бус харин эрх нь байх ёстой.

2009.02.17

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: