Тулах цэг

Хүний амьдралд юу эс тохиох билээ. Тэртээ олон жилийн өмнө хайрт хань, хөлд орж буй 2 хүүхдийнхээ эцгийг цаг бусаар алдсан эх надад нэгэнтээ хандсан юм. Юу гэвэл том хүү нь оюутан болж байгаа ажээ. Эцгээс нь хойш хоосон хонуулахгүйн тулд байдгаа барж байгаа эхэд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх мөнгө хаанаас байхав. Ашгүй нэгэн төрийн бус байгууллага оюутнуудад тэтгэлэг олгож буй сураг дуулджээ. Тэр нь мэдээж хичээл номондоо зэгсэн сайны дээр 120 үгтэй эссэ бичиж дараа нь ярилцлаганд орон тэнцсэн оюутнуудад л тэтгэлэг олгохоор байв. Харамсалтай нь хүү хичээлдээ төдий л сайн биш, эссэ бичих талаар бол яриад ч хэрэггүй гэнэ. Ингээд хүүгээ гэсэн эхийн хүсэлтээр дараах эссэг бичиж өгсөн юм. Хүү тэнцсэн эсэхийг харин мэдээгүй билээ.

Тулах цэг

Эзэмдэж байна намайг, баяр хөөр…. Эзэрхийлж байна сэтгэлийг минь, гунигт бодрол…. Баярласан хэрнээ гуниад байх юм, гуних тусам үймрээд байх юм. Эхийн шаналалд зүрх эмзэглэж, энхрий дүүгээ хармагц уужран, үе үехэн санаа алдаж, үнэндээ би  учраа олохгүй нь. Бурхан хүнийг баярлуулах бүртээ буцааж хариу нэхэн зовоох юм…

Энэ л бодол намайг зовоосоор гурван сарыг ардаа үдлээ.  Учир юун гэвээс би “………….” дунд сургуулийг амжилттай дүүргээд Монгол Улсын Их Сургуулийн ……………………. сургуульд элсэн орсон юм. Сургуулийн чанарт биш сургуулийн нэрэнд нь илүүтэй анхаардаг монгол зандаа хөтлөгдөн улсын их сургуульд орсондоо бас ч үгүй догдлон өөрөөрөө бахархаж, нөгөөтэйгүүр унтахынхаа өмнө уламжлал болгон хэдэнтээ боловсруулдаг амьдралынхаа зорилгод хүрэхэд нэг шат ахисандаа хязгааргүй баярлан хөл газар хүрэхгүй байх тэрхэн агшинд ганцхан бодол бүхий л баяр хөөрийг минь салхи адил үлдэн хөөж билээ. …… “Сургалтын төлбөр”….

Хуруу хумсаа хугалан байж олдог  ижийгийн минь хэдэн бор төгрөг үр нь болсон  биднийгээ өлсүүлж, дааруулаагүй ч амьдрал залгуулж хүрэхтэй үгүйтэй байхад миний “сургалтын төлбөр” болох 541 мянган төгрөг ээжид минь яаж хүндээр тусах нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч ээж минь ямар нэгэн аргаар тэр төлбөрийг төлнө хэмээн зүтгэх л байх, тэр “ямар нэгэн арга” нь зовлогоо зовоох. Нүдэн дээр нь цонхийх эхийгээ хараад өрөвдөхгүй үр, шимшрэхгүй зүрх, дундрахгүй сэтгэл, дуусашгүй тэвчээр гэж хаа ч үгүй билээ.

Ажил хийж төлбөрийнхөө талыг ч болов олъя гэхэд “Чи зүгээр л сур, ажил хийвэл хичээл таслаад сурсан ч болохгүй” хэмээн дургүйлхэх ээжийн минь үг намайг л бодсоных. Оюутны ширээнд суусан цагаасаа сурах хугацаагаа хумслан байж хөдөлмөр эрхлэх болсон надад ч хичээлдээ одоогийнхоосоо илүү цаг зарцуулахсан гэсэн бодол байдаг л юм.

Ээж минь намайг: “чи ирээдүйд ээж дүү хоёрынхоо тулах цэг юм шүү” хэмээн хэлэх дуртай. Тулах цэг тэнцвэртэй байх нь нэн чухал. Тэнцвэртэй байх аргыг боловсрол олгоно. Нэгэнтээ Арихмед: “Надад тулах цэг өгөөтөх, би дэлхийг өргөе” хэмээсэн гэнэлээ. Харин би та нарт: “Надад тулах цэг өгөөтөх, би ээжийнхээ тулах цэг болъё” хэмээн хэлмээр байна. Эргээд эх орныхоо, та бүгдийнхээ тулах цэг болохоо ч амлаж байна.

Баяр хөөр, гуниг гутралыг нэгэн хоромд илгээсэн бурханг би зүхэхгүй. Зүгээр л, гуниг зовлонгийн үүдийг хэмх цохиж хаямаар байна, гутрал зүдрэлийн хорвоог эгцлэн ширтэж инээмээр байна. Надад итгээд тулах цэг л өгчих.

Улаанбаатар хот, 2007.08.26

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: