Либертарианизм ба хууль зүйн патернализм

Товч мэдээлэл

Оролцсон хурал, он:

  1. Бүгд Найрамдах Улс тунхагласны 81 жилийн ойд зориулан Хууль зүйн үндэсний төв, Либертари эдийн засгийн сан, Нээлттэй академи ТББ, Оюутны эрдэм шинжилгээний “Энтимема” клубээс хамтран хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Либерал эрх зүй” ОЭШБХ . 2005 он;
  2. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 2004-2005 оны хичээлийн жилийн ОЭШБХ

Илтгэлийн сэдэв: Либертарианизм ба хууль зүйн патернализм
Илтгэгчийн нэр: Б.Мэргэн
Удирдсан багш: М.Батсуурь
Сургууль, анги: МУИС-Хууль зүйн сургууль, 2-1 анги
Үзүүлсэн амжилт:
1. “Либерал эрх зүй” ОЭШБХ-ын тэргүүн байр, “Оны судлаач оюутан”
2. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 2004-2005 оны хичээлийн жилийн ОЭШБХ-ын дэд байр.

ЛИБЕРТАРИАНИЗМ БА ХУУЛЬ ЗҮЙН ПАТЕРНАЛИЗМ
(Монголын эрх зүйн тогтолцоонд хийсэн шинжилгээ)

Агуулга
1.Либертарианизмын тухай ерөнхийлөхөд
2.Либертарианизм ба хууль зүйн патернализм
3.Монгол улсын хуулиуд дахь патерналист хандлага
4.Социологийн судалгааны үр дүн
5.Дүгнэлт

Либертарианизмын тухай ерөнхийлөхөд

Либертарианизм гэж юу вэ?

Та бусдад гэм хор учруулаагүй дээр нь өөрийгөө аваад явчих ухаан бодол, тэсвэр тэвчээртэй бол хааяа Марихуан татаж болно, хүсэх юм бол ижил хүйстэнтэйгээ гэрлэж, эсвэл өглөөний 6 цаг хүртэл баранд сууж ч болно, шөнийн 00 цаг өнгөрсөн байсан ч аль ч дэлгүүрээс архи авахыг тань хэн ч хориглохгүй, биеэ үнэлэх, боловсрол эзэмших, хэзээ, юу идэж уух нь таны л эрхийн асуудал, төр бол таны эрхийг хамгийн ихээр зөрчигч хэмээн либертарианизм өгүүлж байна. Консерватив үзэлтнүүд яг таны аав шиг юу зөв, юу буруу болохыг зааж зааварлана, социалистууд болохоор нүүрийг чинь угааж, хувцсыг тань өмсгөн ээж шиг тань аашилна. Харин либертари үзэлтнүүд таныг нас биенд хүрсэн хүн гэж үзэж, хүндэтгэлтэй харьцдаг. Та бол өөрөө шийдвэр гаргах гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий хувь хүн. Амжилт ч таных, алдаа ч таных. [1] Үүнийг тань гагцхүү либертарианизм л хүлээн зөвшөөрдөг.
Либертари үзлийн амин сүнс бол индивидуализмын (хувь хүнийг дээдлэх) философи юм. Хувь хүн төрийн өмнө дагжин чичрэх ёсгүй, мөн түүнийг бурханчлан шүтэх ч албагүй. Харин ч төр илүү ч үгүй, дутуу ч үгүй яг хувь хүний хүлээн зөвшөөрсөн тэр хэмжээгээр орших ёстой. Хувь хүнийг хамт олонтой нэг эгнээнд алхаж, нэг л дуу дуулахыг албадаж болохгүй. 5 хүний эрх 1 хүний эрхийг зөрчиж болно гэсэн юм байдаггүй. Эрх бол эрх.
Хамт олонч байдлаар хувь хүний эрхийг дарамтлах явдал коммунизм, фашизмын дүр төрх болно. [2] Харин либертарианизм нь хүн бүрийг өөрийнхөөрөө амьдрах эрхтэй гэж үзэх бөгөөд бусдын тийм эрхийг ч хүлээн зөвшөөрдөг.

Либертарианизмын үндэс.

Эртний Грект бүхнийг хүчирхийлэгч, заан зааварлагч төр-засгийн эрхийг хязгаарлаж, хувь хүний эрх чөлөөг улам бүр өсөн нэмэгдүүлэхийг зорьж байсан юм. Харин дундад зуун бол хөдлөшгүй үнэнийг хүсэгч сохор итгэл, үг дуугүй захирагдах явдал, оюун ухаанаас давсан бишрэл ноёрхсон мистицизмын (мухар харанхуй сүсэг бишрэл) эрин үе байсан [3] бөгөөд дарангуйлагч, байлдан дагуулагчид зуу зуун жилийн турш хүн ер нь адилгүй төрдөг, зарим нь удирдах гэж нөгөө хэсэг нь удирдуулах тавилантай байдаг гэж сургасаар иржээ. Тухайн үед эрх чөлөө хэмээх ойлголт нь хаан хийгээд түүний алтан ургийнханд хамаатай болтлоо явцуурч байв. Үүний дараагаар сэргэн мандалтын эрин үед хүний оюун санаа чөлөөлөгдөж, сохроор дагаж мөрдөх явдлыг ухаалгаар эргэцүүлэх явдал ялж, ялангуяа оюун ухаан эргэн ирсэн юм. [4] Эрх чөлөө нь оюун ухаан дээр суурилж байдаг тул энэхүү ялалт нь хувь хүнийг дээдлэх үзэл болон хэн бүхэнд хүртээлтэй эрх чөлөөний үзэл гарч ирэхэд хүргэсэн билээ. Ийнхүү эрх чөлөө нь нийт хүн төрөлхтөнд хамаатай юм байна гэсэн үзэл төлөвшихөд өрнийн сэтгэгчид чухал хувь нэмрээ оруулжээ. Тухайлбал, английн сэтгэгч Ж.Локк “Хүний эрх төр үүсэхээс өмнө байсан учир бид түүнийг байгалаас заяасан эрх гэдэг. Байгал бидэнд эрхийг өгчээ…Хүн бүр төрөлхөөсөө амьд явах, халдашгүй байх, өмчлөх эрхтэй байдаг…Хүн эдгээр эрхээ хамгаалахын тулд төрийг бий болгодог…Хэрэв төр энэ үүргээ хэтрүүлбэл хүмүүс түүний эсрэг босох эрхтэй [5] хэмээн номлож байв. Мөн эрх чөлөөний эцэг гэгддэг Ж.С.Милл “Соёл иргэншсэн нийгмийн гишүүнийг зүй ёсоор дарамталж, түүний хүсэл зоригийн эсрэг эрх мэдэлтний зүгээс үйлдэж болох цор ганц шалтгаан бол бусдад хор хөнөөл учруулахыг нь зогсоох явдал. Бие бялдар, ёс суртахууны давуу байдал нь түүнийг цагаатгах үндэс болохгүй [6] гэж хувь хүний эрх чөлөөг хамгаалахыг сурталдаж байв.
Хүчирхийлэл дээр тулгуурласан хязгаарлалтууд байхгүй байвал хүмүүсийн хооронд сайн дурын эв зохицол бий болж, жам ёсоороо хөгжих боломж бүрдэнэ гэсэн агуулгатай “Laissez Faire” зарчимын тухай домог ч гарсан байна. Тодруулбал “XV Луи хэсэг худалдаачдаас “Би яаж та бүхэнд туслах вэ” гэж асуухад тэд “Laissez-nous faire, Laissez-nous passer. Le monde va de lui-meme” буюу “Биднийг зөнд нь орхичих, бид юмаа хийе. Дэлхий өөрөө л эргэдэг юм” [7] хэмээн хариулсан байдаг.
XVIII зуунд Америкт либерал үзэл санаа хүчтэй хөгжсөн бөгөөд түүний томоохон төлөөлөгч болсон Томас Жэфферсон “Бүх хүмүүс эрх тэгш төрдөг, тэд өөрсдийгөө бүтээгчээс амьдрах, эрх чөлөөтэй байх, аз жаргалд хүрэх гэх мэт тодорхой салгашгүй эрхийг авч төрдөг. Эдгээр эрхийг хамгаалахын тулд хүмүүсийн дунд захирагдагчдынхаа зөвшөөрлийг авсан төр-засаг байгуулагдана. Тэгээд төрийн ямар ч хэлбэр зорилгодоо үйлчлэхээ болих бөгөөд тэр үед нь ард түмэн түүнийг өөрчлөх, үгүй хийх эрхтэй [8] хэмээн номлож байлаа.
Либерал үзэлтнүүд эрх чөлөөний талаар олсон амжилтандаа тайвширч, Жэффэрсоны “байнгын сонор сэрэмж бол эрх чөлөөний үнэ төлөөс байдаг” гэсэн анхааруулгыг умартсаны учир XIX зууны сүүлийн хагаст либерализмын нөлөө буурч эхлэнгүүт АНУ болон Европ дахь төрүүд дайнаар шалтаглан улам бүр томорч хүчирхэгжив. Гэвч дайны дараагаар либертари үзлийг Харвардын философийн профессор Робэрт Нозик дахин сэргээсэн билээ. Тэрээр “төрийн үүрэг бол гадны түрэмгийлэгчид, алуурчин, хүчиндэгч, дээрэмчин, доромжлогчдоос биднийг хамгаалах явдал юм. Хэрэв төр үүнээс илүү зүйл хийх гэж оролдох аваас биднийг эрх чөлөө, эрхээс маань салгана [9] гэж үзэж байлаа.
Өдгөө либертари үзэл нь чөлөөт хувь хүмүүсийн энх амгалан, эв эетэйгээр хамтран амьдрах үндэс болон хөгжиж байна.

Баталгаажсан нь.

Либертари үзэл анх Францын хүний ба иргэний эрхийн тунхагт “Хүний эрх чөлөөг баталгаажуулаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй үндсэн хуулийг хэрэг дээрээ үндсэн хууль гэж үзэхгүй” хэмээн баталгаажсан бол 1946 онд НҮБ-аас баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 1 зүйлд: Хүн бүр төрөлхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой” [10] гэж тусгагджээ. Өнөөдөр дэлхийн ардчилсан гэгдэх олон улс орны үндсэн хуулинд нэгэнтээ тусгагджээ.
Монгол Улс нь 1992 оны үндсэн хуулиндаа иргэний эрх, эрх чөлөөг хуульчлан баталгаажуулснаар дээрхи хүн төрөлхтний жам ёсны хөгжлийг хүлээн зөвшөөрсөн билээ. Тухайлбал, Үндсэн хуулийн 3.1-т “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсний сацуу 19.1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн заасан байна. Мөн өмнөх хэм хэмжээ нь дараагийнхаа хэм хэмжээг малгайлан захирдгийг үндэс болговол Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөөг төрийн байгууллын өмнө 2-р бүлэг болгон оруулсан нь төрийн эрх мэдлээс илүүтэйгээр хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн либертари үзлийн баталгаа болж байгаа хэрэг юм.

Либертарианизм ба хууль зүйн патернализм

Либертарианизм нь хувь хүний оюун ухаанд итгэдэг. Оюун ухаан бидэнд сайн дурын үндсэн дээр бие биедээ тусалж, харилцан итгэж, хамтаар амьдрах боломжийг олгодог. Тиймээс бусдын эрх чөлөөнд харшлах ямар нэгэн үйдэл хийхээс бусад тохиолдолд хувь хүний оюун ухаанд ямар нэгэн тулгалт хийхийг либертарианизм хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ либертарианизм оюун ухааны хувьд бие даан шийдвэр гаргах чадваргүй иргэдэд тэдний өөрсдийнх нь тусын тулд тэдний өмнөөс шийдвэр гаргахыг зөвшөөрдөг. Үүнийг хууль зүйн патернализм буюу хуулийн эцэг эхчирхсэн үзэл гэдэг.
Хууль зүйн патерналист хандлага нь Ж.С.Миллийн хэлсэнчлэн “Эрх чөлөөний зарчим хүүхэд хийгээд оюуны хомсдолтой хүмүүст хамаарахгүй” гэсэн санаа дээр суурилдаг. Тухайлбал, иргэний эрх зүйд насанд хүрээгүй этгээд өөрт зориулан шилжүүлсэн хөрөнгөөр жижиг ахуйн чанартаа хэлцэл хийж болох бөгөөд энэ хүрээнээс хэтэрвэл хэлцлийг хүчин төгөлдөр бус хэмээн үздэг. Мөн оюуны хомсдолтой хүүхдийг албадан эмчилгээнд явуулах, мансууруулах болон согтууруулах бодис байнга хэрэглэсний улмаас сэтгэцийн өвчтэй болсон хүний эрх зүйн чадамжийг хязгаарлах зэрэг нь тэдний эрх ашгийн төлөө эрх зүйн арга хэрэгслээр эрх чөлөөг нь хязгаарлаж буй патерналист хандлага мөн. Гэхдээ патерналист хандлага нь дээрхи Ж.С.Миллийн үзэл санаанаас хальж, жирийн иргэний эрх чөлөөнд халдахыг либертарианизм тэвчихгүй. Ингэж өөрийн хүрээнээс халих аваас социализм буюу халамжлагч төрийн ивээлд очно. Тухайлбал, социализмын үед “хатуу хүнд гараар иргэнийг сайхан нийгэмд хүргэнэ” хэмээн үздэг байсан. Тиймээс патернализм бол либертарианизмыг үгүйсгэх бус, харин нөхөөс байдлаар хүлээн зөвшөөрөгддөг онол мөн. [11]

Монгол улсын хуульд буй патерналист хандлага

Монгол улсын хуулиудыг уншиж судлах явцад патерналист хандлагууд ихээр ажиглагдах бөгөөд тэдгээрт дүн шинжилгээ хийхийг оролдоё.
Патерналист хандлага нь Монгол улсын Үндсэн хуульд дараах байдлаар ажиглагдаж байна. Юу гэвэл тус хуулийн 17.1.4-т “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах”-ыг иргэний үндсэн үүрэг хэмээжээ. Либертари үзэлтнүүд хүн эх орноо сайн дураар хамгаалах ёстой, нэг хэсэг хүн бусдыгаа зөвшөөрөөгүй байхад амьдралынхаа 1, 2 жилийг энэ албанд зориулж, бүр цаашлаад амь насаа өргөхийг шаардах эрхгүй гэж үздэг . [12] Мөн Үндсэн хуулийн 16.11, “Гэр бүлийн тухай” хуулийн 6.1-д “Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ.” гэжээ. Хүн үр удмаа үлдээхийн тулд заавал эсрэг хүйстэнтэйгээ хамтран амьдрах шаардлагагүй болсон өнөө үед дээрх хуулийн заалт либертари үзэлтнүүдийн эгдүүцлийг хүргэж байна. Тэгээд ч Голландаас эхлээд дэлхийн хэд хэдэн улс орнууд ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрч эхлээд байна.
АНУ-д Үндсэн хууль суурь боловсрол эзэмших эрхийг баталгаажуулдаггүй, энэ утгаараа муж улсууд нь иргэддээ Үндсэн хуулийн дагуу суурь боловсрол олгох үүрэггүй.[13] гэсэн зарчим үйлчилдэг бол манай Үндсэн хуулийн 16.7-д “төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно”, “Боловсролын тухай” хуулийн 6.3-т ”Монгол Улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй” гэжээ. Хэрэв Ж.С.Миллийн “хүүхэд хийгээд, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүнд эрх чөлөөний зарчим үйлчлэхгүй” гэснийг үндэс болговол төрөөс суралцагчийг суурь боловсрол эзэмших үүргийг хуульчилж болох мэт. Харин дээрх хуулийн 46.2-т “эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхэддээ 16 хүртэл насанд нь суурь боловсрол заавал эзэмшүүлэх үүрэгтэй” гэсэн нь либертари үзэл ёсоор бие даан шийдвэр гаргах чадвар бүхий эцэг, эхийг хүүхэддээ боловсрол эзэмшүүлэх эсэхэд нь хуулиар албадсан патерналист хандлага яах аргагүй мөн юм..
“Нийгмийн даатгалын тухай” хуулийн 4.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн/цаашид “ажил олгогч” гэх/-тэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч нийгмийн даатгалд заавал даатгуулна.” гэснийг либертари үзэлтэй л бол хэн ч сайшаахгүй. Тэд хувь хүн шийдвэр гаргах, түүнийхээ хариуцлагыг хүлээх чадвартайд итгэдэг учраас тэр. АНУ-д нийгмийн даатгалын “заавал” гэсэн хэлбэр байдаггүй бөгөөд нийт хүн амынх нь 12.8% буюу 50 сая нь л нийгмийн даатгалд хамрагддаг ажээ. Манай улсад нийгмийн даатгалаас гадна эрүүл мэндийн даатгалд заавал хамрах иргэдийг ч зааж өгсөн байдаг.
“Садар самуунтай тэмцэх тухай” хуулийн 4.1-т “Биеэ үнэлж явалдахыг хориглоно” гэсэн байх юм. Хэрэв хэн нэгэн олон нийтийн газар ил цагаан биеэ үнэлдэггүй боловч өөр нэгэнтэй гэрээ байгуулсны үндсэн дээр тодорхой давтамжтай биеэ үнэлдэг, энэ нь түүнд таатай санагддагийн зэрэгцээ мөнгө олох цорын ганц арга нь бол яах вэ? Энэ тохиолдолд таны сайн сайхны төлөө хэмээн таашаал, мөнгө олох боломжийг нь хуулиар хориглох нь утгагүй биз дээ.
Улам бүр данхайж буй манай төр нас биенд хүрсэн иргэдийг хүүхэд шиг үзэж бүр сүүлдээ иргэдийн хэзээ, юугаа идэж уухад нь хүртэл хяналт тавьдаг болжээ. Юу гэвэл “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 7.8. “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газарт 00-06 цагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно”. “Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай” хуулийн 6.2.1. “иргэд хүнсэндээ иоджуулсан давс, бусад бүтээгдэхүүнийг хэрэглэх үүрэгтэй”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн 13.1.6-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчилгээний бус журмаар хэрэглэхийг хориглоно”. гэх мэтээр заажээ.
Мөн манай хуулиудад эгдүү хүрэм олон патерналист хандлага ажиглагдаж байна. Жишээлбэл, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 12-р зүйлд “Нутгийн захиргааны байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулахдаа иргэдийг нийтийн эргүүлд гаргаж болно”, “Ой хээрийг түймрээс хамгаалах тухай” хуулийн 7.7-д “иргэн гарсан түймрийг унтраах ажиллагаанд иргэний журамт үүргийн дагуу оролцох үүрэгтэй”, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 7.1.3-т “малаа байнгын хариулга, манаатай байлгаж хулгайд алдахгүй байх бусад арга хэмжээг орон нутгийн болон улирлын онцлог, боломжид тохируулан авах”, “Иргэний бүртгэлийн тухай” хуулийн 28.1-т “Монгол Улсын харьяат иргэн бүр регистрийн дугаартай байна” гэх мэт заалтууд байх юм. Хамгийн хачирхалтай нь эдгээр хуулиуд нь хөнгөн гэж хэлэхээргүй санкцуудыг өөртөө дагуулжээ. Та төрийн хийх ёстой гал түймэр унтраах, гэмт хэргээс сэргийлэх ажлыг хийгээгүйнхээ төлөө, өөрийнхөө малыг алдсаныхаа төлөө, мөн мал шигээ бүртгэлд хамрагдаагүйнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэвэл танд хэр сонсогдож байна даа.
Цаашлаад төр өөрийн хуулиараа та бүхнийг болон гэр бүлийг тань заавал тогтмол хугацаанд биеийн тамираар хичээллэх, түүх соёлоо хамгаалж, эх хэл бичгээ судлах, эрүүл мэндээ хамгаалах зорилгоор байнга үзлэгт орж, эмчид хандаж байх, замын хөдөлгөөнд оролцохдоо заавал аюулгүйн даруулгаа бүслэх, мотоцикль унавал малгай өмсөх юу идэх, юу өмсөж зүүх гээд амьдралын тань бүхий л харилцаанд танаас асуух ч үгүй дур мэдэн оролцож байна.

Социологийн судалгааны үр дүн

Монгол улсын хуулиуд дахь патерналист хандлагын талаар монголчууд ямар үзэл бодолтой байдгийг тодруулах үүднээс залуучуудын хамгийн ихээр орох дуртай вэб хуудсуудын нэг болох hantulgа.com – той хамтран “Төр иргэдийн хувийн хэрэгт хэтэрхий их оролцож байна уу?” гэсэн социологийн судалгааг явуулсан юм. Судалгаанд нийт 567 хүн хамрагдсанаас 307 нь буюу 54% нь үгүй төр хийх ёстой зүйлээ л хийж байна гэсэн бол, үлдсэн 260 нь буюу 46% нь тийм, төр бидний хувийн асуудалд оролцох нь хэтэрлээ хэмээн хариулжээ. Судалгааны үр дүн монголчууд либертарианизмыг аль хэдийн хүлээн зөвшөөрч эхэлснийг харуулж байна.

Дүгнэлт

Либертарианизм нь хувь хүний оюун ухаанд итгэдэг. Оюун ухаан бидэнд сайн дурын үндсэн дээр бие биедээ тусалж, харилцан итгэж, хамтаар амьдрах боломжийг олгодог. Тиймээс бусдын эрх чөлөөнд харшлах ямар нэгэн үйдэл хийхээс бусад тохиолдолд хувь хүний оюун ухаанд ямар нэгэн тулгалт хийхийг либертарианизм хүлээн зөвшөөрдөггүй. Энэ үндсэн дээр Монголын хуулиудад буй патерналист хандлагатай хэм хэмжээнүүдийг хууль тогтоогч дахин хянах шаардлатай хэмээн дүгнэж илтгэлээ төгсгөе.


[1] Боаз Д. Либертарианизм (Орч Б.Батчулуун). УБ., 2005. 3 дахь тал.
[2] Мөн ном. 4 дэх тал.
[3] Мөн ном. 52 дахь тал.
[4] Мөн ном. 52 дахь тал.
[5] Мөн ном. 57 дахь тал.
[6] Mill J. On liberty. P. 135. Дам ишлэв. Вольф Ж. Улс төрийн философийн удиртгал. (Орч. Б.Батчулуун) УБ., 2002. 137 дахь тал
[7] Боаз Д. Либертарианизм (Орч Б.Батчулуун). УБ., 2005. 59 дэхь тал.
[8] Мөн ном. 65 дахь талл
[9] Мөн ном 83 дахь тал.
[10] Төрийн мэдээлэл. Тусгай дугаар. I боть. Монгол Улсын Олон улсын гэрээ. УБ., 2004. 6 дахь тал.
[11]  Моисеев В. Философия права. Новосибирс. 2003. с. 157
[12] Боаз Д. Либертарианизм (Орч Б.Батчулуун). УБ., 2005. 106 дахь тал.
[13] Осакве К. Харьцуулсан эрх зүй судлал. УБ., 2005. 53 дахь тал.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: