Захиргааны эрх зүйн жишээ бодлого

Өмнө нь захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал оруулсан бол энэ удаад тухайн аргачлалыг ашиглаж бодохыг хичээсэн нэгэн бодлого орууллаа. Энд нэг зүйлийг анхааруулахад бодлогын нөхцөл, асуултаас шалтгаалаад аргачлалд дурьдагдсан зарим зүйл шалгагдахгүй орхигдож болох талтай болно. 3 дугаар курсэд байхдаа бодсон, мөн хичээлдээ тэр дундаа бодлого бодохдоо төдий л сайн биш болохоор алдаа дутагдалтай зүйл байж магадгүй шүү. Хэрэв буруу бодсон эсхүл санал зөрөхөөр зүйл байвал сэтгэгдэл үлдээгээрэй. Баярлалаа.

Өгөгдөл

Захиргааны хариуцлагын тухай хууль /цаашид ЗХтХ гэх/-ийн 38 дугаар зүйлийн §38.1-т “Зохих зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэх зэрэг Барилга хот байгуулалтын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагыг 50,000-250,000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” хэмээн заажээ. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч /цаашид МХУБ гэх/ дээрх захиргааны зөрчил гаргасан “А” компанийг 100,000 төгрөгөөр торгожээ. Энэ шийтгэлийг эс зөвшөөрч “А” компани улсын байцаагчийн шууд харъяалах дээд шатны захиргаанд хандаад амжилт олоогүй тул Захиргааны хэргийн шүүх /цаашид ЗХШ гэх/-д нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн уг хэргийг шүүх хурлаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргасан.
– Захиргааны шийтгэлийн хэмжээ нь зөрчлийн шинж байдалд тохироогүй хүндэдсэн байна. Зүй нь улсын байцаагч 50,000 төгрөгөөр торговол зохих байжээ

Дээрх үндэслэлийн дагуу шүүх захиргааны шийтгэлийг хүчингүй болгожээ.

Асуулт

1. “А” компани ЗХШ-д хандан ямар төрлийн нэхэмжлэл гаргасан бэ?
2. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй юу?

Бодолт

Захиргааны процессын эрх зүйн /цаашид ЗПЭЗ гэх/ бодлогыг бодоход ихэнх тохиолдолд хийгддэг анхны алхам бол тухайн маргааныг захиргааны эрх зүйн журмаар шийдвэрлэх эсэхийг тогтоох явдал юм. Өөрөөр хэлбэл ЗХШ-ийн харъяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг шалгана гэсэн үг. Дээрх бодлогын хувьд “… шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн… гэсэн нөхцөл байгаа нь МХУБ торгох шийдвэр нь захиргааны акт мөн эсэх буюу шүүхийн харъяаллын асуудлыг шалгах шаардлагагүй болохыг харуулж байна.. Тиймээс өгөгдсөн асуултанд хариулах замаар бодлогоо бодъё.

1. “А” компани ЗХШ-д хандан ямар төрлийн нэхэмжлэл гаргасан бэ?

Тодорхой нэг нэхэмжлэл ямар төрлийн нэхэмжлэл болох нь дараах хоёр зүйлээс харагдаж болох юм

I. нэхэмжлэлийн агуулга;
II. шүүхээс гаргасан шийдвэр.

I. Юуны өмнө “А” компани ямар төрлийг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн агуулгаас нь тодруулъя.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид ЗХХШтХ гэх/-ийн 32 дугаар зүйлийн §32.5-д нэхэмжлэлийн шаардлагын агуулгад багтах зүйлсийг зааж өгсөн байдаг. Тэдгээрийг ЗХШ-д голлон гаргадаг нэхэмжлэлийн төрлүүд ] хэмээн ойлгож болох бөгөөд үүнд “хүчингүй болгуулах”, “илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх”, “хохирлоо арилгуулах”, “даалгах” нэхэмжлэлүүд багтдаг. Эдгээрээс өөр нэхэмжлэлийн төрөл байж болохгүй хэмээн хуулинд хориглосон зүйл байхгүй гэдэг утгаараа “А” компанийн нэхэмжлэл дээрх нэхэмжлэлүүдээс өөр төрлийнх байж болох юм. Гэхдээ юун түрүүн “А” компанийн нэхэмжлэлийг хамааруулан ойлгох нэхэмжлэлийн төрөл ЗХХШтХ-ийн зохих заалтад /§32.5/ байгаа эсэхийг шалгая.

Бодлогын нөхцөлд яг тодорхой зааж өгсөн зүйл байхгүй ч “А компани мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийг эс зөвшөөрч…” гэж байгаагаас үзвэл уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар ЗХШ-д нэхэмжлэл гаргасан байж болох юм. Энэхүү нэхэмжлэлийн агуулга нь ЗХХШтХ-ийн §32.5.1-д заасан “тухайн актыг хүчингүй болгуулах” гэсэн хэсэгт хамаарч магадгүй байна.

– ЗХХШтХ §32.5.1 – Энэ хуулийн 32.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга гэдэгт захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнийг нотолж чадах бол тухайн актыг хүчингүй болгуулах нь багтана.

“А” компани “хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан эсэхийг дараах байдлаар шалгая.

Хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн зорилго нь захиргааны актыг хүчингүй болгуулах буюу эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдэнэ.] Уг нэхэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.  Үүнд:
– нэхэмжлэлд дурдаж буй захиргааны акт ямар нэгэн хэлбэрээр бодитой гарсан байх;
– нэхэмжлэлийг зөвхөн маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан гаргасан байх;
– нэхэмжлэлийн хэрэглэгдэх хүрээ нь иргэн, хуулийн этгээдэд дарамт учруулсан захиргааны акттай холбоотой байх.

Дээрх шаардлагуудыг бодлогын нөхцөлтэй харьцуулъя.

Нэгдүгээрт, “А” компанийн нэхэмжлэлд дурдаж буй акт бодитой гарсан уу? Үүнийг шалгахдаа уг акт гарах болсон бодит шалтгаан буюу түүний зорилгыг шалгана. Ийнхүү шалгах урьдчилсан нөхцөл нь тухайн акт захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудалд багтаж байх бөгөөд захиргааны акт хууль зүйн хувьд үндэслэлтэй тохиолдолд зөвшөөрөгдөнө.  Энэхүү урьдчилсан нөхцөлийг шалгая.

Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн §101.1-т “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлнэ” §8.2-т “Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно” хэмээн заасныг “А” компани зөрчсөн. Ийнхүү хууль зөрчсөн тохиолдолд акт гаргасан нь МХУБ-ийн эрх хэмжээний асуудал мөн үү гэсэн асуулт гарч ирнэ. ЗХтХ-ийн §38.1-т “Зохих зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын болон барилгын зураг, төсөл зохиох ажил гүйцэтгэх, барилгын хийц, эдлэл, материал үйлдвэрлэх явцад барилга, байгууламжийн бат, бэх, тогтворт буюу найдвартай чанарыг алдагдуулах зэргээр барилга, хот байгуулалтын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 40000 хүртэл, албан тушаалтныг 1000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” хэмээн заасан байх бөгөөд энэхүү хуулийн нарийвчилсан зохицуулалт болох Барилгын тухай хуулийн §19.1.1-т “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил, үйлчилгээг зохих зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн иргэнийг шүүгч буюу барилга техникийн хяналтын улсын байцаагч 10000-20000 хүртэл, албан тушаалтныг 20000-50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 хүртэл төгрөгөөр торгоно” хэмээн заасан байна”

Дээрхээс харахад МХУБ өөрийн эрх хэмжээний хүрээнд акт гаргасан төдийгүй тэр нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл захиргааны акт бодитой гарсан байна.

Хоёрдугаарт, МХУБ-ийн гаргасан акт илт хууль бус захиргааны акт байж болох уу? Хэрэв тийм бол “А” компани хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргах боломжгүй болох учраас уг нэхэмжлэл өөр төрлийн нэхэмжлэл болж таарах юм. Үүнийг шалгахын тулд:

– МХУБ-ий гаргасан актыг илт хууль бус хэмээн тооцох хууль зүйн үндэслэл байгаа эсэх;
– тухайн акт маргаан бүхий захиргааны акт мөн эсэхийг тодруулъя.

ЗХХШтХ-ийн 9 дүгээр зүйлийн §9.1-т заасан илт хууль бус актад тооцох нөхцлүүдийг бодлогын нөхцөлтэй уялдуулан шалгая.

ЗХХШтХ §9.1 Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана:
9.1.1.захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай; /бодлогын нөхцөлд акт нь утга агуулгын илэрхий алдаатай байсан гэсэн зүйл байхгүй/
9.1.2.бичгийн хэлбэрээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй; /актыг мэргэжлийн хяналтын улсын байцаагч гаргасан/
9.1.3.захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан; /Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн §19.1.1-т “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил, үйлчилгээг зохих зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн иргэнийг шүүгч буюу барилга техникийн хяналтын улсын байцаагч 10000-20000 хүртэл, албан тушаалтныг 20000-50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 хүртэл төгрөгөөр торгоно” хэмээн заасан байна. Өөрөөр хэлбэл МХУБ-д захиргааны акт гаргах эрх хэмжээ нь байна./
9.1.4.захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус; /”А” компани/
9.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан; /”А” компанийг ямар нэгэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан зүйл байхгүй./
9.1.6 нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн; /зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын үйл ажиллагаа явуулсных нь төлөө хариуцлага ногдуулах нь нийтийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл биш нь тодорхой/
9.1.7.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; /Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн §8.2-т “Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно” §101.1. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлнэ” хэмээн заасныг “А” компани зөрчсөн нь мэргэжлийн хяналтын улсын байцаагч ЗХтХ-ийн §38.1, Барилгын тухай хуулийн §19.1.1 дэх заалтуудыг үндэслэн шийдвэрлэсэн./
9.1.8.захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн; /хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн нөхцөл бодлогын өгөгдөлд байхгүй/
9.1.9.захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн. /хууль зөрчөөгүй бөгөөд үүнийг шүүхийн шийдвэр үндэслэлтэй юу гэсэн 2 дах асуултын хүрээнд хариулна/

Дээрхээс харахад МХУБ-ийн гаргасан захиргааны актыг илт хууль бус гэж тооцуулах хууль зүйн үндэслэл алга байна. Тэгвэл:

Тухайн акт маргаан бүхий захиргааны акт мөн эсэхийг тодруулъя

Маргаан бүхий захиргааны акт нь дараах урьдчилсан нөхцлүүдтэй:

  • захиргааны акт нь эрх зүйн алдаанаас ангид байна;
  • эрх зүйн алдаа нь ялимгүй биш байх;
  • эрх зүйн гол алдаа нь захиргааны актыг хүчин төгөлдөр бус болгон хувиргах ёсгүй

Хэдийгээр МХУБ-ийн гаргасан захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй бөгөөд эрх бүхий этгээдээс гаргасан боловч тэр нь хэлбэрийн, процедурын гэх мэт алдаатай байж болно. Энэ тохиолдолд маргаан бүхий акт гэж үзнэ.
Гуравдугаарт , “А” компанийн нэхэмжлэлийн хэрэглэгдэх хүрээ нь иргэн, хуулийн этгээдэд дарамт учруулсан захиргааны акттай холбоотой юу?

Захиргааны журмаар баривчлах, торгох шийтгэл ногдуулсан нь иргэн, хуулийн этгээдэд дарамт учруулсан захиргааны акттай холбоотой байдаг .  Энэ нь “А” компанийн хувьд МХУБ-ын гаргасан захиргааны акт дарамт учруулсан захиргааны акт болж болохоор байна.

Ийнхүү нэхэмжлэлийн агуулгын хувьд “А” компанийн гаргасан нэхэмжлэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл мөн байна.

II. ЗХХШтХ-ийн §70-д заасан шүүхээс гаргах шийдвэр нь нэхэмжлэлийн төрлийг тодорхойлно.

► ЗХХШтХ §70.2.1 Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох шийдвэр гаргана

Бодлогын нөхцөлд өгөгдсөний дагуу шүүх захиргааны шийтгэлийг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр нь нэхэмжлэлийн төрлийг тодорхойлж болох тул “А” компанийн нэхэмжлэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл байсан байна. /хэдийгээр нэхэмжлэлийн өөр төрлүүдэд тухайлбал, “хохирлоо арилгуулах”, “даалгах” нэхэмжлэлүүдэд тавигдах урьдчилсан нөхцлийн дагуу “А” компанийн нэхэмжлэлийг шалгаж болох ч тэгэх нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гэдгийг нотолсон гэж үзэж байгаа тул ач холбогдолгүйд тооцсон болно./

2. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй юу?

МХУБ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт гаргасан. Шүүх энэ тал дээр ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа нь тус захиргааны актыг бүхэлд нь хууль бус гэж үзээгүй байна. Гагцхүү “Захиргааны шийтгэлийн хэмжээ нь зөрчлийн шинж байдалд тохирохгүй байна. Зүй нь МХУБ 50,000 төгрөгөөр торговол зохих байсан” гэсэн үндэслэлээр л шүүх захиргааны шийтгэлийг хүчингүй болгосон Энэхүү үндэслэл нь өөрөө зарчмын хувьд үндэслэлгүй шийдвэр болно. Үүнийг тайлбарлая.

Захиргааны байгууллагад хууль тогтоомжоор тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх эрх хэмжээг тусгайлан зааж тэр хүрээндээ буюу тодорхой орон зайд зохих ёсоор чөлөөтэй ажиллаж (өөрийн зохих ёсны үзэмжээр асуудлыг шийдвэрлэх) боломжийг олгосон байдаг. Гэхдээ энэ нь хуулиас гадуур дур зоргын үндсэн дээр хэрэгждэггүй, харин эсрэгээр зөвхөн хуулийн зорилгод нийцүүлэн хэрэгжүүлэх ажиллагаа байдаг. Хуулийн зорилгод нийцүүлэн зохих ёсны үзэмжээр шийдвэрлэх чиг үүргээ биелүүлэхдээ захиргааны байгууллага нь:

► хуулиар тогтоосон хэмжээ хязгаарыг баримтлах;
► зохих ёсны үзэмжээ бүрэн эрхийн зорилгод нийцүүлэн хэрэгжүүлнэ.

Бодлогын хувьд МХУБ Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн §19.1.1-т заасны дагуу хууль тогтоомж зөрчигчдөд ногдуулах торгууль нь аж ахуйн нэгж, байгууллагын хувьд 100,000-150,000 төгрөгийн хооронд байна.

►  Барилгын тухай хуулийн §19.1.1 – Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил, үйлчилгээг зохих зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн иргэнийг шүүгч буюу барилга техникийн хяналтын улсын байцаагч 10000-20000 хүртэл, албан тушаалтныг 20000-50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 хүртэл төгрөгөөр торгоно

Өөрөөр хэлбэл МХУБ энэ хуулийн заалтын торгуул ногдуулах дээд, доод хязгаарын хооронд судалгааны үндсэн дээр өөрийн үзэмжээр торгуулынхаа хэмжээг тогтоох эрхтэй. Энд захиргааны байгууллага гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлэн дээд болон доод захиргаа нь захирах, захирагдах харилцаанд байдаг гэдэг утгаараа дээд шатны захиргаанаас доод шатны захиргааны буруу шийдвэрийг засч залруулж болдог онцлогтой. Тодруулбал, МХУБ “А” компанийг 100,000 төгрөгөөр торгосон нь зөрчлийн шинж байдалд тохирохгүй байна гэж дээд шатны захиргаа нь үзвэл захиргааны актыг нь засч, торгуулийн хэмжээг зохих хэмжээнд нь хүргэн багасгаж болно. Харин ЗХШ-ээс захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шалгахаас бус түүний бодит үндэслэл буюу зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах эрх хэмжээ, чиг үүрэг хуулиар олгогдоогүй. Хэрвээ шүүх эрх хэмжээ, чиг үүргээ хэтрүүлэн хэрэглэвэл түүнийг нь гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүрэгт халдсан гэж үзэх үндэслэлтэй.
Дээрхийг дүгнэвэл шүүх МХУБ-ийн гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг бус түүний бодит үндэслэл буюу зорилгодоо нийцсэн эсэхийг шалган шийдвэр гаргасан тул тэрхүү шийдвэрийг нь үндэслэлгүй гэж үзэж болохоор байна

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: