Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал

Эрх зүйн ангийн оюутнуудын хувьд эзэмшвэл зохих хамгийн чухал чадвар нь бодлого бодоход суралцах явдал юм. Тиймээс өөрт олдсон захиргааны эрх зүйн бодлого бодох нэгэн аргачлалыг орууллаа. Би энэ аргачлалын дагуу бодлого бодон нэгэн уралдаанд түрүүлж байсан болохоор маш сайн аргачлал гэж хэлмээр байна. Дараа нь дэд профессор Г.Банзрагч багшийн энгийн, хэрэглэхэд хялбар хэрнээ маш ойлгомжтой захиргааны эрх зүйн бас нэгэн аргачлалыг оруулах болно. Багш шууд бэлэн загвар өгөөгүй, заасан зүйлүүдийг нь нэгтгэн өөрийнхөөрөө янзалж байгаа учир хараахан бэлэн болоогүй байгаа юм. Цаашид иргэний болон эрүүгийн бодлого бодох аргачлалыг ч оруулахаа амлаж байна.

ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ

Юуны өмнө бодлогын өгөгдөлийг сайтар уншина. Өгөгдлөөс бодлогын гол нөхцөлийг (өгөгдлөөс өөрчилж болшгүй бөгөөд бусад салбар эрх зүйгээс ялгах гол онцлог болж буй хэсэг) зөв тодорхойлно. Бодлого бодох үе шат болгоныг шалгахын тулд өгөгдлийн нөхцөл байдлыг ямагт бодлогыг шалгах үе шат болгонтой тохируулан (субсумц хийх байдлаар) түүндээ хариулах байдлаар шалган тогтооно. Захиргааны эрх зүйн бодлогыг дараах III үе шатуудаар дамжин бодно. Үүнд:

I. ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ЖУРМААР ШИЙДВЭРЛЭХ ЭСЭХ (Шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх)
II. ЗАХИРГААНЫ АКТЫН АЛДААГ ОЛОХ
III. ЗАХИРГААНЫ АКТЫН АЛДААНЫ ЭРХ ЗҮЙН ҮР ДАГАВАРЫГ ШАЛГАХ

I ҮЕ ШАТ
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ЖУРМААР ШИЙДВЭРЛЭХ ЭСЭХ
(Шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх)

1.1. Нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх.
1.2. Үндсэн хуулийн шүүхийн (цэц) маргаан мөн эсэх.
1.3. Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх.

Үүнийг шалгахын тулд чухам уг акт нь хэнээс хэнд хандан юуг шийдвэрлэснийг олж тогтоох нь ач холбогдолтой.

1.1. Нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх:

1.1.1. Ямар субьектуудын хооронд үүссэн харилцаа болохыг олж тогтоох
1.1.2. Аль салбар эрх зүйн ач холбогдол бүхий эрх зүйн харилцааг олж тогтоох.

Энэ нь уг тохиолдол нь харилцан тэгш эрхтэй субьектуудын хооронд үүсэн харилцаа бөгөөд үр дагавар нь энэ байдлаар гарч байвал хувийн эрх зүйн маргаан болно.

1.2. Үндсэн хуулийн шүүхийн (цэц) маргаан мөн эсэх:

1.2.1. Шийдвэр гаргаж буй субьект Үндсэн хуулийн цэцийн хариуцагч мөн эсэх:
1.2.2. Гол ач холбогдол бүхий харилцаа нь Үндсэн хууль зөрчсөн маргаан тохилдол мөн эсэх:

Бодлогын өгөгдөлд өгсөн тохиолдол нь нийтийн ашиг сонирхол зөрчиж буй бол тэр нь Үндсэн хуулийн цэцийн маргаан болно.

1.3. Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх:

Уг үе шатыг шалгахын тулд ЗХХШТХ-ийн 3.1.1 дэх ”захиргааны байгууллага” гэж нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг Засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллагыг, 3.1.2. дэх ”захиргааны албан тушаалтан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан байгууллагын нийтийн эрх зүйн хүрээнд захирамжлах, зохион байгуулах бүрэн эрхийг бие даан хэрэгжүүлдэг төрийн жинхэнэ албан хаагч, түүнчлэн нийтийн эрх зүйн холбогдолтой асуудлаар бусдыг захирамжилсан шийдвэр гаргадаг төрийн бус албан тушаалтныг” гэх байгууллага албан тушаалтнаас гаргасан актад холбогдох маргааныг Захиргааны хэргийн шүүхээс хянан шийдвэрлэнэ. Ингэхийн тулд даарх үе шатуудаар шалгана.

1.3.1. Захиргааны акт мөн эсэхийг олж тогтоох

Юуны өмнө ЗХХШТХ-ийн 3.1.4 дэх ”захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан бусад арга хэмжээ /үйлдэл, эс үйлдэхүй/-г; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэр /зарлиг, тогтоол, дүрэм, заавар, журам/-ийг захиргааны актад хамааруулна гэсэн заалтын дагуу Захиргааны акт, захиргаанй хэм хэмжээ тогтоосон акт болохыг тогтоохыг тулд дараах байдлаар авч үзнэ.

1.3.1.1. Захиргааны актын үндсэн шинжийг шалгах:

А). ЗХХШТХ-д заагдсан байгууллага албан тушаалтан гаргасан эсэхийг олж тогтооно. Эдгээр шаардлагуудыг олж тогтоохдоо хэргийн нөхцөл байдалтай нэг бүрчлэн тохируулах буюу субсунц хийх байдлаар тайлбарлана. ЗХХШТХ-ийн 3.1.4-т заасан шинжүүдийг нэг бүрчлэн задалж шалгана. Үүнд:

1. Захиргааны байгууллага, албан тушаалтан мөн эсэх: Зөвхөн захиргааны байгууллага, албан тушаалтанаас гаргасан захирамжилсан шийдвэр л захиргааны акт болно. Захиргааны байгууллага албан тушаалтаныг тодорхойлохдоо ЗХХШТХ-ийн 3.1.1, 3.1.2-т зохицуулсныг өргөн утгаараа шалгуур болгоно. Түүнчлэн ЗХХШТХ-ийн 4.1 дэх заалтанд заасан субьектуудыг манай захиргааны эрх зүйд захиргааны субьект хэмээн үзнэ. Захиргааны байгууллага нь захиргааны эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр захиргааны чиг үүрэг гүйцэтгэн нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлдэг ба гадагш хандсан шийдвэр гаргах чадамжтай захиргааны этгээдүүдийг ойлгоно. Ингэхдээ өөрт оногдсон чиг үүрэгтэй, түүнийгээ хэрэгжүүлсний хариуцлагыг өөрөө хүлээдэг, өөрийн нэрийн өмнөөс эрх зүйн харилцаанд оролцдог бие даасан зохион байгуулалтын бүтэц бүхий нэгдэл байхыг шаардана. (ЗХХШТХ-ийн 3.1.4-т “ . . . захиргааны байгууллага, албан тушаалтнаас . . . гаргасан . . . гэж заасан.)

2. Захирамжилсан арга хэмжээ мөн эсэх: Захирамжилсан арга хэмжээнд захирамжилсан шийдвэр болон захиражилсан үйл ажиллагааг хамтад нь ойлгодог бөгөөд энэ нь тодорхой зорилгод чиглэгдсэн байхыг ойлгоно. Захирамжилсан гэх шинж нь зөвхөн нэг тал захиргааны зүгээс хэрэгжүүлж буйгаар илэрнэ. Ингэхдээ захиргааны хүсэл зориг нь бусад этгээдүүдийн хүсэл зоригоос үл шалтгаалах байдлаар илэрнэ. Захиргааны хүсэл зориг уг актаар илэрлээ олох ёстой. Захирамжилсан шийдвэр нь захиргааны зүгээс бусдын хүсэл зоригийг хөндсөн бүх төрлийн хэлбэрийг ойлгоно. Ингэхдээ шийдвэр гаргахаас татгалзсан ч энд багтана. Захирамжилсан үйл ажиллагаа нь ЗХХШТХ-ийн 3.1.5 дах “үйл ажиллагаа гэж үйлдэл, эс үйлдэхүйг” гэх хэлбэрээр ойлгоно. Ингэнхдээ захирамжилсан арга хэмжээ нь зөвхөн амаар, бичгээр бус ямар нэг дохио, тэмдэгээр илэрч болно. Өргөн утгаараа захиргааны бүх төрлийн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. (ЗХХШТХ-ийн 3.1.4-т “ . . . амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр . . . захирамжилсан бусад арга хэмжээ /үйлдэл, эс үйлдэхүй/-гwinking

3. Тодорхой зохицуулалт агуулсан эсэх: Энэ нь захиргааны шийдвэрийн үндсэн дээр ямар нэг тодорхой асуудлыг шийдвэрлэж буй буюу тохиолдолыг зохицуулж буйгаар илэрнэ. Ингэхдээ шийдвэрийн үр дүнд эцсийн байдлаар асуудлыг шийдвэрлэсэн үйл ажиллагаа гэж ойлгоно. Захиргааны шийдвэрийн үр дүнд эрх зүйн тодорхой үр дагварт чиглэсэн захиргааны хүсэл зориг хэрэгжих байдлаар тодорхойлогдоно. Захиргааны актыг зохицуулалтын агуулгаар нь захирамжилсан (Энэ нь ямар нэг зүйлийг хийх, тэвчих, болихыг шаардсан байдлаар илэрнэ.), хэлбэржүүлсэн ( Энэ нь эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчилөх, дуусгавар болгоход чиглэгддэг захиргааны шийдвэрүүд. Жишээ нь иргэнийг бүртгэх, сонгуулийн эрх олгох гэх мэт.), тогтоосон (Иргэнд захиргааны хоорондын харилцаанд бий болсон асуудлуудыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй байгааг захиргаанаас нарийвчлан шийдвэр гаргах байдлаар илэрнэ.) гэж ангилна.

4. Нийтийн эрх зүйн хүрээнд гарсан эсэх: Тухайн байгууллагын гаргаж буй шийдвэрийн үр дагавар чухам ямар эрх зүйн салбарт хэрэгжих байдлаар илэрлээ олно. Ингэхдээ уг байгууллага ямар эрх зүйн хэм хэмжээний дагуу харилцаанд орж буйгаар нь тодорхойлогдоно. Зан үйлийн захирамжилсан шинжтэй үйл ажиллагаа нь ямагт нийтийн эрх зүйн хүрээнд явагдаж байдгаар илэрдэг.

5. Тодорхой нэг тохиолдолыг шийдвэрлэсэн эсэх: Захиргааны актыг зөвхөн тухайн асуудлыг шийдвэрлэх буюу тодорхой нэг тохиодолыг зохицуулах байдлаар л гаргадаг. Энэ шинжээр нь л нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрээс ялгадаг. Тодорхой нэг тохиолдол нь тухайн үед тодорхойлж болохуйц тооны этгээдэд хандсан, яг л нэг удаагийн асуудлыг шийдвэрлэж буйгаар илэрдэг. Өөрөөр хэлбэл тодорхойлж болохуйц тооны этгээдүүдэд хандсан бөгөөд зөвхөн нэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байхыг ойлгоно.

6. Гадагш (үйлчлэл) чиглэгдсэн эсэх: Уг шинж нь захиргааны байгууллагын тотоод хүрээнд бус харин гуравдагч хэн нэгэн буюу иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхолыг хөндөх байдлаар илэрлээ олно. Өөрөөр хэлбэл захиргаанаас гаргасан шийдвэр нь тухайн байгууллагын тогтолцооноос гадагш бусад этгээдүүдийн эрх, ашиг сонирхолыг хөндсөн, тэдэнд эрх, үүргийг үүгэх байдлаар илэрнэ. Харин захиргааны зүгээс дотоодоо хандан гаргасан шийдвэр үйл ажиллагаа нь акт болохгүй. Энэ нь уг байгууллагын тогтолцоонд ажиллаж буй этгээдүүд бие даасан сжбьектив эрх эдлэхгүй байдаг учир эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Харин доод шатны тушаалтаны иргэний хувьд эдлэх, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн шийдвэр, үйл ажиллагаа гадагш чиглэгдсэн болдог. (ЗХХШТХ-ийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасан байгууллагын зөвхөн гадагш /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна).

Дээрх шинж тус бүрээр шалгасаны үндсэн дээр бодлогодоо ийм захиргааны байгууллага албан тушаалтанаас энэ хэлбэрээр гаргасан үйл ажиллагааны үр дүнд тэнд (хэнд эрх үүрэг үүсгэж буйгаар нь) ийм эрх зүйн үр дагвар үүсгэсэн захиргааны акт байна гэж бичнэ.

Б). Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт мөн эсэхийг шалгах

Монгол Улсын ЗХХШТХ-ийн 3.1.4-т заасан ёсоор манай улсын тусгай тохиолдол болох . . . энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэр /зарлиг, тогтоол, дүрэм, заавар, журам/-ийг захиргааны актад хамааруулна гэх шинж ёсоор Захиргааны зүгээс хэм хэмжээ буюу байнга үйлчлэлүүлэхээр бүх нийтэд хандан гаргасан акт болохыг шалгана.

I үе шатын дүгнэлт:

Бодлогын эхний үе шатуудыг шалгасны эцэст даархи шийдвэрүүдийн аль нэгийг гаргана. Үүнд:

А. Хувилбар:

1. Хувийн эрх зүйн маргаан болохыг тогтоох;
2. Үндсэн хуулийн эрх зүйн маргаан болохыг тогтоох;
3. Захиргаанаас гаргасан шийдвэр ЗХХШТХ-д заагдсан захиргааны актад хамаарахгүй.

Хэрэв бодлогын А хувилбарт заагдсан үндэслэлүүд тогтоогдвол уг бодлогыг цаашид шалгах шаардлагагүй болно.

Б. Хувилбар:

Энэ нь уг бодлогыг цаашид шалгах үндэслэл тавигдана.

II ҮЕ ШАТ
ЗАХИРГААНЫ АКТЫН АЛДААГ ОЛОХ

2.1. Формаль эрх зүйн шаардлага.
2.2. Материаллаг эрх зүйн шаардлага

2.1. Формаль эрх зүйн шаардлага:

2.1.1. Эрх хэмжээний хамаарал:

2.1.1.1. Нутаг дэвсгэрийн хамаарал: Тухайн орон нутгийн хэмжээнд гаргах эрх хуулиар олгогдсон эсэх. Жишээ нь: Дүүргийн засаг даргын шийдвэрийг уг дүүрэгт л үйлчилэх байдлаар илэрнэ.
2.1.1.2. Чиг үүргийн хамаарал: Тухайн захиргааны байгууллагын эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу акт гаргаж буйг ойлгоно. Жишээ нь: Байгаль орчины байцаагч татварын акт тавиж болохгүй байхаар илэрнэ.
2.1.1.3. Шатлан захирах ёсны хамаарал: Акт гаргаж буй байгууллага, албан тушаалтан хуулиар олгогдсон эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй байдлаар илэрнэ. Жишээ нь: Дүүргийн засаг дарга газар өмчлөх шийдвэр гаргах эрхгүй байхаар илэрнэ.

2.1.2. Шийдвэр гаргах ажиллагаа:

2.1.2.1. Акт гаргахдаа хуульд заасан журмыг баримталсан эсэх: Хуулиар тусгайлан акт гаргах процедурыг зохицуулсан шаардлага байгаа эсэхийг шалгах байдлаар илэрнэ. Жишээ нь:
2.1.2.2. Акт гаргахдаа өөр бусад хэлбэрээр зөвшөөрөл авах эсэх:
2.1.2.3. Акт гаргахдаа бусад этгээдүүдтэй зөвшилцөх эсэх:
2.1.2.4. Акт гаргахдаа бусад этгээдүүдтэй хамтран шийдвэр гаргадаг эсэх:

2.1.3. Хэлбэрийн шаардлага:

2.1.3.1. Үйл ажиллагааны хэлбэр: Акт гаргаж буй субьект чухам ямар төрлийн акт гаргадаг нь гол шалгуур болно. Жишээ нь Засгийн газраас тогтоол, Засаг даргаас захирамж гэх мэт.
2.1.3.2. Актын илрэх хэлбэр: Чухам гаргаж буй акт нь ямар хэлбэртэй байх нь гол шалгуур болно. Амаар, бичгээр, үйлдэлээр гэх мэт.

2.2. Материаллаг эрх зүйн шаардлага:

2.2.1. Шийдвэр эрх зүйн үндэслэлтэй байх ёстой: Энэ нь тухайн байгууллагаас гаргах акт нь уг байгууллагад хуулиар олгогдсон байх ёстой. Үүний тулд эрх зүйн хамаарал, эрх зүйн үндэслэлийг өөр хооронд нь ялгаж ойлгох хэрэгтэй. Эрх зүйн хамаарал нь хэнд эрх олгогдож буй ойлгоно. Жишээ нь: Засаг дарга нар Засаг захираа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар захирамж гаргах эрх олгосон. Түүнчлэн газрын тухай хуулиар засаг дарга нарт газар өмчлөх, эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох шийдвэр гаргах эрх олгогдож буй байдлаар. Эрх зүйн үндэслэл нь шууд хуулиар зохицуулан гол үндэслэлүүд байна. Жишээ нь: Газар өмчлөх эрхийг дуусгавар болгох үндэслэлийг Газрын тухай хуульд тусгайлан заасан байгааг ойлгоно.

2.2.2. Олгогдсон эрх хэмжээ нь дээд шатны эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн эсэх:
2.2.3. Актын агуулга нь тодорхой байгаа эсэх:

III ҮЕ ШАТ
ЗАХИРГААНЫ АКТЫН АЛДААНЫ ЭРХ ЗҮЙН ҮР
ДАГАВАРЫГ ШАЛГАХ

Дээрх үе шатуудаар дамжин шалгасны дараагаар доорх шийдвэрүүдийн аль нэгийг гаргана. Үүнд:

Илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх:
ЗХХШТХ-ийн 9 дүгээр зүйлд заагдсан шинж тус бүрээр нь харьцуулан үзнэ. Үүнд: ЗХХШТХ-ийн

9.1.Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана:
9.1.1.захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай;
9.1.2.бичгийн хэлбэрээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй;
9.1.3.захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;
9.1.4.захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус;
9.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;
9.1.6.нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн;
9.1.7.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;
9.1.8.захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн;
9.1.9.захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн.
9.2.Захиргааны актын аль нэг заалт илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно гэж заасан.

Маргаан бүхий захиргааны хүчингүй болгох:
Уг акт бусад хэлбэрээр буюу илт хууль бусад хамаарахгүй байдлаар иргэн хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байвал хүчингүй болгох үндэслэл буй болно. Энэ нь дээрх үе шатын явцад захиргааны алдааг шалгах явцад илэрсэн үндэслэлээр тогтоогдоно.

Эс үйлдэхүйг тогтоох:
Захиргааны зүгээс гаргаж буй эс үйлдэл тогтоогдвол түүнийг биелүүлэхийг шийдвэрлэснээр илэрнэ. Дээрх үе шатуудын тусламжтайгаар өмнөх шийдвэрүүдийн аль нэгийг гаргаснаар бодлого бодогдсонд тооцно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: